Иргэн та болон танай аж ахуйн нэгж сар бүр нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-н тайлан тушааж, татвараа төлсөөр байгаа боловч “НӨАТ суутган төлөгч”-ийн гэрчилгээ аваагүй, авсан боловч ийнхүү авхаасаа өмнө НӨАТ-н татвар төлсөөр байсан юм биш биз. Тийм бол та болон танай аж ахуйн нэгж үндэслэлгүй төлсөн таван сая төгрөг, өөрт учирсан хохирлоо бусад төрлийн татвартаа шилжүүлэн суутгуулах, буцаан авах боломжтой юм.
2016 оноос эхлэн хэрэгжиж эхлэсэн шинэ НӨАТ хуулийн дагуу “татвар суутган төлөгч” болох болзол, суутган төлөгчөөр бүртгүүлэх, татвараа төсөвт төлөх, тайлагнах харилцааг гагцхүү энэ хуулиар зохицуулахаар хуульчилсан. Тиймээс 2016 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн НӨАТ-н тайлан тушаах, татвар төлөх зэрэг үүрэг нь зөвхөн “НӨАТ суутган төлөгчид” хамаатай үүрэг юм. “НӨАТ суутган төлөгч” гэж тус хуулийн 5.2-д заасанчлан орлого нь 50 сая төгрөгт хүрч зохих журмын дагуу харьяа татварын албанд бүртгүүлж “НӨАТ суутган төлөгч”-ийн гэрчилгээ авсан этгээдийг ойлгоно. 50 сая төгрөгийн борлуулалтын босго нь мөн л шинэ НӨАТ-н хуулинд тусгагдсан асуудал учир хууль хэрэгжиж эхлэсэн хугацаанаас эхлэн НӨАТ суутган төлөгчийн болзол хангах борлуулалтын орлогыг тооцох учиртай.
Нөгөө талаас Хуучин НӨАТ–н хуулийг 2015 оны 07-р сарын 09-ны өдөр Монгол улсын их хурлаас хүчингүй болгох тухай хууль батлаж 2016 оны 01-р сарын 1-с эхлэн хуучин НӨАТ-н хуулийн үйлчлэл хүчингүй болсон. Ингэснээр татварын ерөнхий хуулийн 10.1.1-д заасны дагуу тухайн төрлийн татварын хууль хүчингүй болсноор татвар төлөгчийн үүрэг дуусгавар болно. Энэ нь хуучин хуулийн дагуу “НӨАТ төлөгч”-өөр бүртгүүлж гэрчилгээ авсан аж ахуйн нэгж, хувь хүмүүс энэ оны эхнээс “НӨАТ төлөгч”-ийн үүрэг дуусгавар болсон гэсэн үг. Мөн шинэ НӨАТ-н хуулиар “НӨАТ төлөгч”-ийг эцсийн хэрэглэгч хувь хүн байхаар нэр томьёог өөрчилсөн.
Энэ бүгдээс харвал хуучин хуулийн дагуу “НӨАТ төлөгч” байсан иргэн, аж ахуйн нэгж нь 2016 оны 01-р сарын 01 өдрөөс бүгд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан тушааж, татвар төлөх үүрэг хүлээхгүй бөгөөд гагцхүү шинэ хуулийн дагуу борлуулсан бараа, ажил үйлчилгээ нь 50 сая төгрөгт хүрч ” НӨАТ суутган төлөгч” болох хүсэлт гаргаж гэрчилгээ олгогдсоноор тайлан тушаах, татвар төлөх үүрэг үүсэх учиртай. Өөрөөр хэлбэл хуучин хуулийн дагуу “НӨАТ төлөгч байсан иргэн, ААН-г шинэ хуулийн дагуух “НӨАТ суутган төлөгч” гэж үзэх ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй гэсэн үг. Хэдийгээр шинэ хуулинд сайн дураар НӨАТ суутган төлөгч болох босго нь 10 сая төгрөг гэж заасан боловч энэ тухай мөн хүсэлт гаргаж байж НӨАТ суутган төлөгч болох учиртай.
Гэтэл татварын байгууллага нь “НӨАТ суутган төлөгч” болоогүй иргэн, аж ахуйн нэгжийн төлсөн НӨАТатвар, тайлан зэргийг нь өдий хүртэл хүлээн авч баталгаажуулж байгаа цаашлаад цахим бүртгэлийн системд “НӨАТ суутган төлөгч” мэтээр байршуулж байгаа зэрэг нь татварын байгууллага “Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 9-р зүйлд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэхгүй байгаа хууль зөрчсөн үйлдэл болсоор байна. Тиймээс олон мянган аж ахуйн нэгж нь борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил үйлчилгээний орлогоос 50 сая төгрөг хүртэл хэмжээнд татвар ногдуулан төлөх ёсгүй. Хэрэв ийнхүү төлсөн бол татварын ерөнхий хуулийн 17.1.8, 59-р зүйлд заасны дагуу илүү төлсөн 5 сая төгрөг, өөрт учирсан хохирлоо хуульд заасан журмын дагуу нөхөн төлүүлэх боломжтой юм.

Comments are closed.