2011/12/13. Мягмар гараг.
"Татварын хуулийн хэрэглээ, түүнээс үүсэх эрсдэл” сэдэвт бизнес эрхлэгчид, нягтлан бодогчдын уулзалт хэлэлцүүлэг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдийн танхимд боллоо. Уг уулзалтыг Монголын нягтлан бодох бүртгэл аутсорсингийн холбоо санаачлан зохион байгуулж, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Глобал Аккаунт ХХК хамтран ажилласан юм. Хэлэлцүүлэгт 110 аж ахуйн нэгжийн төлөөлөл, захирал, нягтлан бодогч нар хүрэлцэн ирж, нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр татварын хуулийн хэрэглээний асуудлаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг хэлэлцүүлгийг нээж Татварын
ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаяр үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ,
татварын албаны үйл ажиллагааны нэг чиглэл бол татвар төлөгчидтэй шууд
хамтран ажиллах явдал байдаг. Тиймээс энэ удаагийн
хэлэлцүүлэгт татварын албаны удирдлагууд, нийт хамт олон өндөр ач
холбогдол өгч байна гээд татварын албанаас хийж хэрэгжүүлж буй томоохон
бодлогын шинэчлэлүүдийн талаар товч мэдээлэл хийлээ. Түүнчлэн татварын
албатай байнга хамтран ажилладаг МНББАХ-ныхонд болон хэлэлцүүлэгт
оролцож буй татвар төлөгчдөд ажлын амжилт хүслээ. Хэлэлцүүлэгт Ерөнхий
сайдын эдийн засгийн зөвлөх Б.Лхагважав, Татварын ерөнхий газрын
ТТХХ-ийн дарга Д.Баяраа, ХЭЗХ-ийн дарга О. Тэнгис нарын албаны хүмүүс
оролцсон юм.
Хэлэлцүүлэг дараах үндсэн сэдвээр өрнөсөн бөгөөд “Аутсорсингоор бизнест
давуу тал олох нь” сэдвээр МУИС-ийн багш, МНББАХ-ны тэргүүн, докторант
Б.Хүрэлбаатар, “Монголын татварын багц хууль түүнийн хэрэгжилт, татвар
төлөгчдөд үүсэх эрсдэл” сэдвээр ТЕГ-ын ХЭЗХ-ийн дарга О.Тэнгис,
“Татварын хуулийн бодит хэрэгжилт” сэдвээр Ерөнхий сайдын зөвлөх,
“Урбанек” компанийн захирал Б.Лхагважав нар тус тус илтгэж хэлэлцүүлсэн
юм. Уг арга хэмжээг зохион байгуулахад ГлобалАккаунт ХХК-н зүгээс голлох оролцоотой байсан нь төр засгийн болон төрийн бус байгууллагын зүгээс сайшаалтай хандаж байлаа.